Thursday, July 2, 2009

Miss you baby (-:

*****

Чиний түр эзгүйд энэ хавиар чив чимээгүй дүнсгэр
Чихэрээ гээчихсэн хүүхэд шиг сэтгэлд нэг л уйтгар
Цэцэг нь хагдарсан нуга шиг гэр дүүрэн бүрсгэр
Цэнэг нь дууссан зай шиг би нэг л сулбагар ...


You make me complete, my darling
You bring joy to my world, sweet child o'mine (-:

Friday, May 29, 2009

*****

Халхын сайхан бүсгүйд сэтгэл алдарсан минь үнэн
Хайрын цагаан мананд хөвж яваа минь үнэн
Хэнд ч гараагүй үгс чамд л урссан нь үнэн
Хэнтэй ч мэдрээгүй жаргал чамтай л амссан нь үнэн
Амьдралд ганц л ирдэг алтан дурлал нь үнэн
Ахиад хэзээ ч мэдрэхгүй нандин мэдрэмж нь үнэн...
Алдаж үл болох үнэт эрдэнэ минь чи билээ
Амин зүрхний гүнээс ундарсан гэгээн хайр минь чи билээ...

Saturday, May 23, 2009

Чамтай хамт

****

Тэргэл саран цонхоор сэмхэн шагайсан шөнө байлаа...
Тэнгэрийн оддын ч атаархлыг хөдөлгөсөн жаргал байлаа...
Хасын цагаахан биений чинь гоод шунан мансуурч байлаа...
Хайрын цагаан аялгуу сэтгэлийн дотор дуурьсанхан байлаа...
Булбарайгаас булбарай уруулыг чинь үнсэнхэн байлаа...
Бурхан дуудсан ч салж орхимгүй дэндүү тансаг байлаа...
Халуухан амьсгал чинь сэрэл мэдрэхүйг гижигдэнхэн байлаа...
Хархан нүдний чинь харцанд хүслийн оч гэрэлтэнхэн байлаа...
Хамаг бүхнээ умартан дурлалын тэнгэрээр нисэж байлаа...
Ханаж залхамгүй амтат дарсанд согтууранхан байлаа...
Маргааш гэж ирэхгүй юм шиг эрхлэлдэнхэн байлаа...
Мартаж уйдаж холдохгүй юм шиг нааданхан байлаа... тэр шөнө.

****

Хүмүүний амьдралаа гэж...

****

Энгүй иx ялгуусан сансрын xүрднээ xүмүүн бид
Эргэлдэж нисэx xумxийн тоосны дайнд xүрэx нь үгүй атал
Амьдрал xэмээx xөл толгойгүй бужигнаан дунд
Алалцаxаас нааxнуур заримдаа ч цааxнуур өрсөлдөx юм
Үxэн xатан ингэж уйлайраxын xэрэг юyсан билээ
Үнэн гэвээс юмс буxэн мөнx бусын огторгуйд уусан алдрax биш үү
Xүсэл шуналдаа xөтлүүлсэн өчүүxэн xүмүүн гэхдээ
Xүй иx орчлонгийн xуулийг үл тооx нь эмгэнэлтэй мөртөө гайxамшиг ажгуу

Monday, May 18, 2009

Амьдрал хайр мандтугай

********


Хатуурсан сэтгэлийн мөс хайлчихна чинээ санасангүй
Хаврын цагаан аялгуунд уярна чинээ бодсонгүй
Долингоршсон сэтгэлийн хуяг доргино чинээ санасангүй
Дотно энхрийхэн төрх чинь бодолд уягдчихна гэж төсөөлсөнгүй
Эвэршсэн зүрхний хавхлага булгилна чинээ санасангүй
Эвлэг хөөрхөн аашинд чинь соронздуулна чинээ бодсонгүй
Урд насанд тавьсан учирлын нандин ерөөл үү
Удаан жилээр хайсан сэтгэлийн чин амраг уу...

Sunday, May 17, 2009

48 цаг - Ятга шиг бүсгүйд зориулав





Цагаахан мөөмний чинь товч
Цасан дээр унасан аньс...
Халуун сэтгэлийн янаглал чинь
Хамаг оршихуйг минь сэргээсэн цэнэг...


**********

Ертөнцийн тvмэн оньсого санамсаргүйн дунд
Ерөөлөөр учирсан чи бидэн юутай азтай билээ...
Галбарваас модны мөчирт гоо бүсгүй хvрэх адил
Гал хайрын цэцгүүд дэлбээлэн гарвай...
Амин зүрхний гол руу эгшиг дурлалын cум
Агаарт дүүлэх алтан хараацай шиг шунган ормуй....
Үнсэлтийн чинь бал бурманд зөгий адил шунан дурлаж
Үүлэн дээгvvр жингvйдэн нисэх лугаа адил мансуурнам
Туяхан булбарай биеийн чинь гоод сэтгэлээ сөгдүүлж
Тунамал энхрий дүрийг чинь зvрхэндээ сийлмой ...

Wednesday, May 13, 2009

Чамд би...

Үнээн... үнэн би хатаж үхсэн хүмүүний сүнс
Үхэх үхэхдээ үнсэлтээр харангадаж үхсэн заяагүй сүнс

Уруул уруулын дотроос чинийхийг л хайж бэдэрcээр
Урд насандаа олж чадалгүй амь шилжирсэн ховор сүнс

Зуун бүсгүйн уруулаас зугтаж үргэсэн энэ сүнс
Ганцхан чиний уруулд гацаж тогтсон хачин сүнс

Эргэлзэж цааргалaхын хэрэггүй энхрийхэн бүсгүй минь
Энэхэн хорвоогийн учрал бүхэн зурлага заяатай

Уруулаас чинь амтлах нандин тэр л үнсэлт
Урд насанд минь надад олдоогүй шидэт амь тариа...

Oдоо л шууд тарихгүй юм бол би чинь үхлээ...
Огтooc хэрэвээ чадахгүй гэвэл... дараа төрөлдөө дахиж уулзья да...

Tuesday, May 12, 2009

Өглөөний импровизаци

чи - Бүүдгэр саарал мананг зүсэн туяарсан нарны цовоо гэрэл
чи - Бүгчим халуун агаарыг нэвтлэн сэнгэнэсэн сэргэлэн салхи
чи - Бүгтхэн чимээгүйг эвдэн шулганасан эртэч болжморын жиргээ
чи - Бум түжигнэсэн олны дунд ганцаардсан зүрхийг сэрээсэн эрх гүнж
чи - Зуны өглөөний наранд цэцгийн дэлбээнээ бөнжигнөх шүүдрийн мөнгөн дусал
чи - Зуун жилээр ангасан цөлийг дэвтээн асгарсан хурын дараах өнгөт солонго
чи - Зуурдын энэхэн амьдралд утгын чимэг хайрласан баясгалант гоо үзэсглэлэн...
... …………………… чи ……………………

Tuesday, January 6, 2009

Alcohol story 1


Зээк би гэж хүн архи болоод бусад согтууруулах ундаанаас асар ихээр хаширч "эхэлж байгаа эсвэл эхлэх гээд л миллиметр миллимэтрээр мөлхөөд яваа" этгээд юмаа. Энэ "эрчээрээ" явбал хорлонтой муу архи чамайг хорин жилийн дараа гэхэд бүрмөсөн хаяж, балга ч амсдаггүй баатар болно до гэж дотроо үргэлж занаастай гэжж.
Хэдийгээр учиргүй улаан хамарлатлаа уугаагүй боловч хааяа нэг хүртэхээрээ 1) харамсаж үхтлээ шартдаг эсвэл 2) элдэв онигоонд орж хөгөлдөг эсвэл 3) алтан сайхан шансаа алдаж туудаг эсвэл 4) өмнөх гурван хувилбар аль аль давхацсан айхтар факт гаргадаг заяагдмал "рефлекстэй" заягүй нөхөр гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хүн л дэ би.

Тэгэхээр энэ бяцхан буланд архи шар айрагтай холбоотой адал явдал онигоо зэргээсээ та бүхэн хуваалцвал уншихад зугаатайн хажуугаар хожмоо сургаалтай хэрэг болох бизээ гэж мунхаглав. хэхэ. Нэрэлхэж зоволгүй бичээрэй блогчидоо?

Ингээд эхний салхийг хагалж өөрийн онигооноос нэгийг тавьяа. Энэ түүх болбоос "алтан шансаа" алдсан ангилалд багтах юмаа.

Зээк ингээд... арван жилийн төгсөлтийн тэртээд өнгөрсөн тэр нэгэн өдөр лүү дурсамжийн мөнгөн утас хөврөн очиж, дурдатгалын алтан шувуухай цээжний нөмрөөс жиргэн нисэвэй...
Хонхны баярын өглөө хорвоо дэлхий нэг л саруулхан санагдаж, хотын гудамж хүртэл нэг л цэвэрхэн харагдаад, ангийн анд нар бол атаархмаар царайлаг хөөрхөн болчихсон байлаа. Хөөрч догдолсон сэтгэл дэврэн баясах хэдий ч ангидаа эргээд суухгүй, анд олон найзуудтайгаа ахиж хамт хичээллэхгүй, амьдралын харгуйгаар ингээд холдон одох боллоо гэсэн гунигтай бодол үе үесхэн төрнө. Гэхдээ л бөөн баяр.

Тэр өдөр даанч миний хувьд эхнээсээ л нэг бүтэл хазайлттай байсан юм. Сургууль руу яарч гүйх замдаа тээглэж тэрийн хадаж унаад өмднийхөө өвдгийг цоолчихож билээ. Азаар далбайтал нь урчихаагүй боловч чигчий хурууны хумсан толион чинээ жижигхэн нүх гарчихсан байв. Төгсөлтөөр өмснө гээд ганц гайгүй шинэ гонжум авхуулсан болохоор солиод өмсөх өнгө ижил гоёоны өмд байсангүйгээс гадна хаа байсан 4 р хороолол руу харьж өөр өмд өмснө гэвэл цагтаа амжихгүй болсон тул тэр чигээрээ туугаад очлоо до. хэхэ. Тэгтэл гай газар доороос гэгчээр багш дуудаад, барaшгүй хүнд даалгавар өгдийн байн. Юу гэвэл сургуулийн өмнө тойрч зогссон бүх төгсөгчид эцэг эхчүүдийн өмнүүр өөр ангийн нэг охинтой хамт сүүлчийн хонх гээч юмыг бариад тойрч явах юм гэнээ. Багшаа би тийм юм мэдэхгүй чадахгүй, сонсоогүй дуулаагүй, анхнаасаа та яагаад энэ тухайгаа мэдэгдэж мэссэж майл явуулаагүй юм, тамга тэмдэгтэй албан ноот бичгээ дор хаяж сарын өмнө миний нарийн бичиг охидуудын нэгэнд яагаад өгөөгүй юм гээд тас гүрийх гэж үзсэн боловч атаман багшийн өөдөөс угийн ноомой би зөрөөд дийлсэнгүй ээ.

Тэгээд яахав, цэвэр ичимтгий үлгэр жишээ монгол залуу би тэр үед бүр ч илүү ичимхий байсан нь ойлгомжтойгоос гадна хамгийн гол нь өмдний өвдөг цоорхой учраас хэвийнээс хэд дахин илүү хямарлын байдалд орлоо. хэхэ Ямар ч аргагүй шахаанд тулгагдсан тул олон хүний урд өнөөх гайтай хонхыг нэг охинтой бариад бушуухан шиг л тойроод албаа гүйцэтгэв. Аминдаа цоорхой өмдөө харагдуулахгүйг их л хичээж аль болох хурдан алхсан. Дараа нь тэр үеийн видео бичлэгийг хартал минчийсэн улаан зэс цар шиг нүүртэй би гэж хүн өнөө муу охиноо гарыг нь сугаар нь таслангаа алдан чирээд бараг 100 метрийн кросст хурдалчихсан байгаа юм. хэхэ. Тэрнээсээ ичээд төгсөлтийн бичлэгээ өөртөө хуулж аваагүйдээ одоо харамсдаг. Байсан бол өөрийгөө харж сайхан инээхгүй юу.

Зиа ингээд сүүлчийн хичээл энээ тэрээ гэсэн албан ёсны ажиллагаа нэг мэдэхэд өндөрлөж их үд өнгөрөхөд ангиараа автобусанд сууж аваад амралтын газрын зүг давхилаа да. Арын суудлын тэнд давхарлаж тавьсан 3 авдар архи явдал дунд харшиж - нарги цэнгэ намайг уу гэх шиг жингэнээд л чихэнд чимэгтэй гэж юухэв. Өвгөнтийн Их Хөндийгөөр өдөр шөнөгүй хэсэж алдар цуу нь түгсэн их багш мастеруудын практик сургалтанд үнэнчээр суусан над ших хүнд архиний шилний чимээ чухам аялгуу тансаг хөгжим шиг л сонсогдож байгаам.... гээлүү. хэхэ За энэ арай хэтрүүлсэн наргиа байлаа гэжж.

Ингээд Тэрэлжийн наана байх нэг газар очлоо, буулаа, идлээ уулаа, дууллаа хуурдлаа, бүжлээ наадлаа, дахиад уулаа, нэмж уулаа, ахиулж уулаа, араас нь бас уулаа, даварч уулаа, давуулж уулаа, хэтрүүлж уулаа, хэмх уулаа да. Ингээд эцэстээ Цезарийн хэлснээр ирлээ, үзлээ, ялаа гэдэг шиг ирлээ, уулаа, тасарлаа гэдэг нь болов до хөөрхий. Гэхдээ тэр хооронд юу болсныг арай дэлгэрэнгүй өгүүлье.

Би гэж хүн ангийхаа нэгэн охинд учиргүй хайртай болоогүй ч гэлээ нууцхан харж явдаг байсан юм. Тэр маань үнэхээр цэцэг шиг сайхан охин байлаа. Хойлог дүйнгэдүү над шиг хүнийг тоохооргүй хөөрхөн царайлаг болохоор холын оддод санаархсан шалбаагны шанаган хорхой мэт ямар ч шансгүйгээ мэдээд би шохоорхсон сэтгэлээ чандлан барьж хэнд ч хэлэлгүй тас нуугаастай яг 1 жил 3 сар 2 өдөр 3 цаг 23 секүнд болсон юм. Тэр өдөр нөгөө охин маань урьд урдынхаас ч улам үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Харц булаасан хөөрхөн нүд нь тормолзоод л - хааш хаашаа 10 километрийн зайнаас дотогшоо чи над руу ойртож үл болно гэх шиг... Тэгш гоолиг хөл нь сэмбэлзтэл бүжиглээд л - цэхэр ногоон нүднийхээ харцыг холдуулаач чи, Балинчаа ! - гэж хэлэх шиг санагдаад угийн өөртөө итгэлгүй улбагар би хааяа нэг асар зориг гаргаж 2 наносекундийн үргэлжлэлтэйгээр хулгай нүдээр холоос сэмхэн харж санаа алдахаас цаашгүй суулаа да.

Илбэ шид гэж байдагсан бол
Энэхэн биеэ хувилгах юмсан....

Дэрэвгэр урт сормуусанд чинь будаг болон наалдаад
Дэндvv ойрхоноос ширтэх усгал харцанд чинь мансуурах юмсан....

Тансаг єнгєлєг уруулын будаг болчоод
Танхилхан булбарай уруулд чинь тvрхvvлэх юмсан...

Хєвєн зєєлхєн лифчик болчоод... хехехе
Хєєрхєн мєємийг чинь тэврэх юмсан...

Торгон зєєлхон трусик болчоод... хехехеее
Тормогор чиний биед наалдах юмсааан...... ай бурхаан.....


Тэгтэл цагаан бүжиг гээч юм хийнэ, охидууд нь банди нараа урина гээд л зарлаадахав. Би яахав намайг хэн тоож урив гэж халти бодоостой, бүжгийн танхимын тээр буланд уруу царайлаад сууж байлаа...
Гэтэл гэв гэнэт урд минь цэмцгэр хар туфльтэй зэгзгэр гое хөл хүрч ирээд зогслоо шүү. Дээшээ хартал нууцхан шохоорхлын минь эзэн мөнөөх охин дүрээрээ зогсож байдаг байгаа. Ай Аллах бурхан Осама бин ладен минээ! Ухасхийгээд л бослоо.

Мөрөөдлийнхөө гүнжийг тэврээд муухан чаддаг вальс гээч юмыг эргэж байхад нээрээ үнэхээр үгээр хэлшгүй сайхан байлаа. Хамаг биеэр халуу дүүгэж, хөлөө мэдрэхгүй болоод хөвж байгаа юм шиг л санагдсан. Хэдхэн сантиметрийн цаана туярах түүний царай, эрвээхэй шиг дэрвэх сормуус, ягаахан уруулыг нь хараад би нэг хэсэг транс байдалд орж, нирван дүрд шилжиж шамбалын орны хаалгаар шагайх мэт боллоо. хэхэ. Ингээд нэг мэдсэн өөрийн хяналтгүйгээр хацар дээр нь тэсэлгүй үнсчихсэн байлаа...

Гэв гэнэт л -эээ! би юу хийчихвээ гэж учиргүй сандарлаа шүү. Дашрамд хэлэхэд анхны маань үнсэлт тэр байсан юм... Одоо ч маажуулсаан гэж аюун сандарч нөгөө охиноо хартал харин урдаас инээмсэглэж байх юм. Тэгээд хоюулаа гадагшаа гарахуу гэж хэлдэг юм байн. Би тэр үгийг сонсоод шоконд орсноо чин шудрагаар хүлээе.
Am I dreaming?? Somebody please punch me?!!

За ингээд хөтлөлцөөд гарлаа да. Олон хүний дунд үнсэж чадсан мөртлөө хоюулахнаа болонгуут хөл гар хөшиж бадайраад төмөр цутгачихсан юм шиг л болчихдог юм байн. Хүний сэтгэлзүй гэж хачин эд шү. Хүнийх юу байхав миний өөринх.
За тэгээд зоригоо чангалах гэж би гялс гүйж ороод бүтэн шил архи авч ирээд хоюулаа уув. Хоюулаа ч юу байхав би л уув. Ирээдүй хэтийн төлөвлөгөө болоод элдвийн л юм ярилцлаа. Сангийн аж ахуйд саалийн фермд үхэрчин, болохгүй бол тавуудны хар тосонд гялалзсан тараахторчин болох мөрөөдөлтэй зэргээн ярьж ажил амьдралын карьерээ эртнээс бодож төлөвлөсөн айхтар сүрхий хүн гэдгээ ухуулан сэнхрүүлж уярааж хайлуулав. хэхэ. Тэгээд... тэгээд яахав... тас үсэрчээ хөөрхий... нэг сэрсэн нар мандаад би арын уулын энгэрт гав ганцаараа хэвтэж байдаг юм байн !!!!! Гайхлаа, хэсэг мэлэрлээ ...

Годхийж босоод л буусан байр луугаа жирийлээ дэ. Тасарсаны дараа юу хийж, хэлж халаасан бол гэж бодохоос айж ичиж байна гэж жигтэйхэн. Яваад очтол нөгөө охин маань урдаас угтаад ирлээ. Инээж байхыг нь харвал бас ч гэж гордьлого байн гэж тайвшрав. Тэгээд асуулаа да - урд шөнө юу болов, би яагаад уулын энгэрт унтав гэж.
Тэгсэн ийм юм болжээ, улаан туучий гэж.

Нилээн ууж суутал нөгөө охин маань одоо чи уухаа болио чээ гэж л дэ. Тэгэнгүүт анх удаа архи гээчийг тийм ихээр зооглосон би гэж мэдрэл нөхөр баатарлаг ховор хүн болж харагдах гэж онгироод - Би ерөөсөө согтохгүй байн. Миний бие алкоголь индифферент, архинд авташгүй бакь - гэж хэлээд хэрвээ чи итгэхгүй бол одоо харж бай, би арын уулын орой руу гүйж гараад эргээд ирнэ, 5 минут хүлээ гээд хар хурдаараа гүйчихсэн байгаа юм. Тэгээд яахав замдаа тас үсрээд нам явахгүй юу. Нөгөө охин маань намайг алга болчихоор хэдий санаа зовсон боловч харанхуй шөнө болохоор ганцаараа хайгаад явж чадахгүй. Хүн дагуулаад явья гэхээр манайхан бүгд тасраад уначихсан учраас яаж ч болоогүй гэсэн.

Ингээд би алтан сайхан боломжоо архинаас болж алдсан бүтэлгүй хүн дэ... Хэрвээ би тэр шөнө тасраагүй бол, хэрвээ би архи уугаагүй бол... гэж бодохоос харамсмаар шүү ...

Monday, January 5, 2009

10 жилийн дурсамж ((;


Зиа энэ удаад андын хүсэлт ёсоор диван галавын дэмий нэгэн явдлыг өгүүлсүгэй.

Нас хөгширч, намба гүзээ хоёрын масс хүндрэхийн хирээр хүүхэд залуу насаа санагалзаж, хуучныг дурсан санааширч, хүний нүд хариулж нулимсаа сэм арчих нь олширох юм да. Улаан барам гэж. ((((;

Зээк... Аравдугаар ангиа төгсөх дөхөөд арзайж, үрзийж явсан цаг юмсанж. Ангийхантайгаа нийлж асар шоудсан нэгэн өдөр юмсанжээ. Амьдралын их сургуулийн тотго нам, босго өндөр үүдээр тонгойн орж, биеэ дааж алхах (миний хувьд бол мөлхөх) триллер цаг ойртсоныг соргогоор мэдэрсэн бидний хэдэн нөхөд хариуцлагын хүндэд дарагдахаасаа урьтаж ханатлаа нэг сайн кайф авахаар цуглавай.

Хүүхэд насаа албан ёсоор үдэх гэж байгаа тул "хүүхдийн" паркаар баахан зугаалцгаав. Хэрэг болгож авчирсан дээс, резин тоглоцгоов. хэхэ. Багаасаа миний нугасгүй дуртай "черта", "дуки-даки" гэдгийг ч наадав... Бараг л худалч хүнд өөрсдийгөө өлгийдөж, угж хөхүүлээд балчир нас руугаа эргэж очих хурдавчилсан рэтро "аялал" хийж хүүхэд настайгаа одооны багацуулын ярьдагаар "чка" салах ёс гүйцэтгэлээ. Уярсан гэж яав.

Оройхон тийшээ тэгээд дараачийн хөтөлбөртөө шилжиж, томчуудын эгнээ рүү мөдхөн зиндаа дэвшиж байгаагийн учир бие сэтгэлзүйн бэлтгэл болгож "том хүний" ундаа болох нанчид архийг хүртэцгээвээ. Халамцаж зоригжсон чөргөр банди нар бид аль хэдийнээ аав болсон том эрийн буурь эсгэхийг оролдон янжуур тамхи гарган уушиглаж, өдрийн томоогүй жаахан "хүүхдүүдээс" үнэр ч байхгүй болдгийн байн. (; Балинч би болохоор тамхины үнэрээр тагларч бөглөрөөд, тархи толгой эргэж дүнхүүрдэг учраас цагаан архинаас л цангасан адуу шиг залгилж байлаа... гэж бүлтрээд яахав. Учиргүй залгилаагүй ч улаан хоолой чийглэсээн, үнэн. хэхэ. Харин охидууд маань хэн нэгнийхээ гэрээс `шукадаж` авчирсан шампан дарс тогтооцгоож ягаарч улаа бутраад улам л өнгө засаж, эмэгтэйлэг төрх нь тодроод ирлээ дэ.

Охидуудын думд мэдээж Балинчийн сэтгэлд ойр санагдсан бас нэг охин байлаа. Түрүүчийн Алкогол Стори 1-д дурдагдсанаас арай өөр охин шүү . хэхэ. Гэхдээ задарсан Казанова шиг этгээд байн гэж битгий туйлширч дүгнээрэй. Нэг ширээнд тохой нийлүүлж 3 жил суусан даруухан гоолиг бор охин байсым. Урд нь бол бидэн хоёрын хооронд тэр энэ бодлогыг тэгж ингэж бодсон уу гэж ярилцахаас өөр коммуникэшн байгаагүйг чин зүрхний угаасаа хэлье.
Харин тэр өдөр уусан дарсны ааг тархинд очихын хирээр логик удирдлага аажмаар суларч "цэвэр мэдрэмжийн" засаглал тугаа мандуулж эхлэхэд мөнөөх охинд арай илүү ханддагаа грамм граммаар ойлгож суулаа. Дассан сэтгэл гэдэг даалимбан даавуунаас огт өөр шүү дэ тиймээ хө? (-;

Зиа тэгээд парк доторх их зугаалга өндөрлөх тийшээ хандахад үргэлжлүүлээд цаашаагаа нэгнийдээ очиж үүр цайтал шөнөжин найрлах уриалга 1000% хувийн дэмжлэгтэйгээр санал нэг батлагдав. Гэтэл ширээний анд охин маань аав ээжээсээ зөвшөөрөл авахгүй бол аав нь болох "Атаман Тарас Бульба" ба ээж нь болох Ягаан Гажид хоёрын даралт нь зад буудаж, нерв нь нэгмөсөн тасрах тул даруйxaн утасдаж бачим учиртай болсоноо мэдүүлэх хэрэгтэй гэлээ. Ингээд гар утас дэлгэрээгүй балар эртний цаг байсан тул ойрхны нэг ТҮЦ билүү хамаатныд нь ч билүү очиж утсаар ярихаар явлаа. Үдшийн бүрий бууж харанхуй болж байсан тул Балинч би бие хамгаалагчийн хүндэт албанд бас томилогдож дагаад жирийлээ.

Зам зуураа бидэн хоёр 3 жил нэг ширээнд суухдаа ярьсанаас лав 3000 дахин илүү олон үг солилцож нэг нэгэндээ "нааштай" ханддагаа мэдэлцэж харилцан таатай сюрприз барив. Ингээд нэг л мэдэхэд халуухан гарнаас нь атгаад алхаж явлаа да. Амьдралаа гэж - мань мэтийн манжин толгойт, лууван хамартангуудаар даажин тоглоом хийх их дуртай Ажаа мама шүү.
Арван хэдхэн минутад багтааж зюркний нууцаа дэлгэх алтан боломж өгсөн мөртлөө агшин зуурын төдийд эргүүлээд салгачихаж бас чадсан юм. Юу болсон бэ гэвээс ийм юмаа...

Урд өдөр нь бороо ороод гудманд энд тэндгүй шалбааг тогтсон байлаа л да. Бидэн хоёр сэтгэл хөөрч догдлоод гүйх нисэхийн хооронд л явж байлаа. Ингээд нэгэн бяцхан шалбааг өмнө тулахад тойролгүй үсрээд гарав. Бага залуу байсныг хэлэх үү. Одооных шиг өөхөнд ороогдож, маханд боогдоогүй, хөнгөн шингэн хөдөлгөөн хурд өндөр байсныг ч хэлэх үү би ч сэпп гээл түүртэхгүй захад нь буулаа. Мөнөөх охин маань ч миний араас үсэрлээ. Амжилттай буулаа. Гэвч үсрэхдээ биеэ хэт чангалсаных уу агаар думд - Подд !- гээл дуу гаргадгийн байн. хэхэхэ. Өхөөрдмөөр гэж яаваа!

Хөөрхий минь унгас алдчихсан гэсэн үг л дэ. Ингээд л 3 жил хуралдаж, арван минутын өмнө арай гэж илэрсэн романтик уур амьсгалын эмзэгхэн бөмбөлөг -Подд! - гээд л хагарчихаж байгаа юм. Xарамсалтай нь...
Ичсэндээ час улайсан охин маань бараг надаас тэр чигээрээ зугтаад би ч бас тэсэхгүй инээж улам дургүйг нь хүргээд дашийн шог, балинчийн бандааж гэдэг үлгэр болоод төгсчихсөн...

Аяа ариухан даруухан халуухан гэнэхэн явсан арван долоон нас мину зэ...

2003 он ( шинэчилж бичсэн 2007-9-4)