
Зээк би гэж хүн архи болоод бусад согтууруулах ундаанаас асар ихээр хаширч "эхэлж байгаа эсвэл эхлэх гээд л миллиметр миллимэтрээр мөлхөөд яваа" этгээд юмаа. Энэ "эрчээрээ" явбал хорлонтой муу архи чамайг хорин жилийн дараа гэхэд бүрмөсөн хаяж, балга ч амсдаггүй баатар болно до гэж дотроо үргэлж занаастай гэжж.
Хэдийгээр учиргүй улаан хамарлатлаа уугаагүй боловч хааяа нэг хүртэхээрээ 1) харамсаж үхтлээ шартдаг эсвэл 2) элдэв онигоонд орж хөгөлдөг эсвэл 3) алтан сайхан шансаа алдаж туудаг эсвэл 4) өмнөх гурван хувилбар аль аль давхацсан айхтар факт гаргадаг заяагдмал "рефлекстэй" заягүй нөхөр гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хүн л дэ би.
Тэгэхээр энэ бяцхан буланд архи шар айрагтай холбоотой адал явдал онигоо зэргээсээ та бүхэн хуваалцвал уншихад зугаатайн хажуугаар хожмоо сургаалтай хэрэг болох бизээ гэж мунхаглав. хэхэ. Нэрэлхэж зоволгүй бичээрэй блогчидоо?
Ингээд эхний салхийг хагалж өөрийн онигооноос нэгийг тавьяа. Энэ түүх болбоос "алтан шансаа" алдсан ангилалд багтах юмаа.
Зээк ингээд... арван жилийн төгсөлтийн тэртээд өнгөрсөн тэр нэгэн өдөр лүү дурсамжийн мөнгөн утас хөврөн очиж, дурдатгалын алтан шувуухай цээжний нөмрөөс жиргэн нисэвэй...
Хонхны баярын өглөө хорвоо дэлхий нэг л саруулхан санагдаж, хотын гудамж хүртэл нэг л цэвэрхэн харагдаад, ангийн анд нар бол атаархмаар царайлаг хөөрхөн болчихсон байлаа. Хөөрч догдолсон сэтгэл дэврэн баясах хэдий ч ангидаа эргээд суухгүй, анд олон найзуудтайгаа ахиж хамт хичээллэхгүй, амьдралын харгуйгаар ингээд холдон одох боллоо гэсэн гунигтай бодол үе үесхэн төрнө. Гэхдээ л бөөн баяр.
Тэр өдөр даанч миний хувьд эхнээсээ л нэг бүтэл хазайлттай байсан юм. Сургууль руу яарч гүйх замдаа тээглэж тэрийн хадаж унаад өмднийхөө өвдгийг цоолчихож билээ. Азаар далбайтал нь урчихаагүй боловч чигчий хурууны хумсан толион чинээ жижигхэн нүх гарчихсан байв. Төгсөлтөөр өмснө гээд ганц гайгүй шинэ гонжум авхуулсан болохоор солиод өмсөх өнгө ижил гоёоны өмд байсангүйгээс гадна хаа байсан 4 р хороолол руу харьж өөр өмд өмснө гэвэл цагтаа амжихгүй болсон тул тэр чигээрээ туугаад очлоо до. хэхэ. Тэгтэл гай газар доороос гэгчээр багш дуудаад, барaшгүй хүнд даалгавар өгдийн байн. Юу гэвэл сургуулийн өмнө тойрч зогссон бүх төгсөгчид эцэг эхчүүдийн өмнүүр өөр ангийн нэг охинтой хамт сүүлчийн хонх гээч юмыг бариад тойрч явах юм гэнээ. Багшаа би тийм юм мэдэхгүй чадахгүй, сонсоогүй дуулаагүй, анхнаасаа та яагаад энэ тухайгаа мэдэгдэж мэссэж майл явуулаагүй юм, тамга тэмдэгтэй албан ноот бичгээ дор хаяж сарын өмнө миний нарийн бичиг охидуудын нэгэнд яагаад өгөөгүй юм гээд тас гүрийх гэж үзсэн боловч атаман багшийн өөдөөс угийн ноомой би зөрөөд дийлсэнгүй ээ.
Тэгээд яахав, цэвэр ичимтгий үлгэр жишээ монгол залуу би тэр үед бүр ч илүү ичимхий байсан нь ойлгомжтойгоос гадна хамгийн гол нь өмдний өвдөг цоорхой учраас хэвийнээс хэд дахин илүү хямарлын байдалд орлоо. хэхэ Ямар ч аргагүй шахаанд тулгагдсан тул олон хүний урд өнөөх гайтай хонхыг нэг охинтой бариад бушуухан шиг л тойроод албаа гүйцэтгэв. Аминдаа цоорхой өмдөө харагдуулахгүйг их л хичээж аль болох хурдан алхсан. Дараа нь тэр үеийн видео бичлэгийг хартал минчийсэн улаан зэс цар шиг нүүртэй би гэж хүн өнөө муу охиноо гарыг нь сугаар нь таслангаа алдан чирээд бараг 100 метрийн кросст хурдалчихсан байгаа юм. хэхэ. Тэрнээсээ ичээд төгсөлтийн бичлэгээ өөртөө хуулж аваагүйдээ одоо харамсдаг. Байсан бол өөрийгөө харж сайхан инээхгүй юу.
Зиа ингээд сүүлчийн хичээл энээ тэрээ гэсэн албан ёсны ажиллагаа нэг мэдэхэд өндөрлөж их үд өнгөрөхөд ангиараа автобусанд сууж аваад амралтын газрын зүг давхилаа да. Арын суудлын тэнд давхарлаж тавьсан 3 авдар архи явдал дунд харшиж - нарги цэнгэ намайг уу гэх шиг жингэнээд л чихэнд чимэгтэй гэж юухэв. Өвгөнтийн Их Хөндийгөөр өдөр шөнөгүй хэсэж алдар цуу нь түгсэн их багш мастеруудын практик сургалтанд үнэнчээр суусан над ших хүнд архиний шилний чимээ чухам аялгуу тансаг хөгжим шиг л сонсогдож байгаам.... гээлүү. хэхэ За энэ арай хэтрүүлсэн наргиа байлаа гэжж.
Ингээд Тэрэлжийн наана байх нэг газар очлоо, буулаа, идлээ уулаа, дууллаа хуурдлаа, бүжлээ наадлаа, дахиад уулаа, нэмж уулаа, ахиулж уулаа, араас нь бас уулаа, даварч уулаа, давуулж уулаа, хэтрүүлж уулаа, хэмх уулаа да. Ингээд эцэстээ Цезарийн хэлснээр ирлээ, үзлээ, ялаа гэдэг шиг ирлээ, уулаа, тасарлаа гэдэг нь болов до хөөрхий. Гэхдээ тэр хооронд юу болсныг арай дэлгэрэнгүй өгүүлье.
Би гэж хүн ангийхаа нэгэн охинд учиргүй хайртай болоогүй ч гэлээ нууцхан харж явдаг байсан юм. Тэр маань үнэхээр цэцэг шиг сайхан охин байлаа. Хойлог дүйнгэдүү над шиг хүнийг тоохооргүй хөөрхөн царайлаг болохоор холын оддод санаархсан шалбаагны шанаган хорхой мэт ямар ч шансгүйгээ мэдээд би шохоорхсон сэтгэлээ чандлан барьж хэнд ч хэлэлгүй тас нуугаастай яг 1 жил 3 сар 2 өдөр 3 цаг 23 секүнд болсон юм. Тэр өдөр нөгөө охин маань урьд урдынхаас ч улам үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Харц булаасан хөөрхөн нүд нь тормолзоод л - хааш хаашаа 10 километрийн зайнаас дотогшоо чи над руу ойртож үл болно гэх шиг... Тэгш гоолиг хөл нь сэмбэлзтэл бүжиглээд л - цэхэр ногоон нүднийхээ харцыг холдуулаач чи, Балинчаа ! - гэж хэлэх шиг санагдаад угийн өөртөө итгэлгүй улбагар би хааяа нэг асар зориг гаргаж 2 наносекундийн үргэлжлэлтэйгээр хулгай нүдээр холоос сэмхэн харж санаа алдахаас цаашгүй суулаа да.
Илбэ шид гэж байдагсан бол
Энэхэн биеэ хувилгах юмсан....
Дэрэвгэр урт сормуусанд чинь будаг болон наалдаад
Дэндvv ойрхоноос ширтэх усгал харцанд чинь мансуурах юмсан....
Тансаг єнгєлєг уруулын будаг болчоод
Танхилхан булбарай уруулд чинь тvрхvvлэх юмсан...
Хєвєн зєєлхєн лифчик болчоод... хехехе
Хєєрхєн мєємийг чинь тэврэх юмсан...
Торгон зєєлхон трусик болчоод... хехехеее
Тормогор чиний биед наалдах юмсааан...... ай бурхаан.....
Тэгтэл цагаан бүжиг гээч юм хийнэ, охидууд нь банди нараа урина гээд л зарлаадахав. Би яахав намайг хэн тоож урив гэж халти бодоостой, бүжгийн танхимын тээр буланд уруу царайлаад сууж байлаа...
Гэтэл гэв гэнэт урд минь цэмцгэр хар туфльтэй зэгзгэр гое хөл хүрч ирээд зогслоо шүү. Дээшээ хартал нууцхан шохоорхлын минь эзэн мөнөөх охин дүрээрээ зогсож байдаг байгаа. Ай Аллах бурхан Осама бин ладен минээ! Ухасхийгээд л бослоо.
Мөрөөдлийнхөө гүнжийг тэврээд муухан чаддаг вальс гээч юмыг эргэж байхад нээрээ үнэхээр үгээр хэлшгүй сайхан байлаа. Хамаг биеэр халуу дүүгэж, хөлөө мэдрэхгүй болоод хөвж байгаа юм шиг л санагдсан. Хэдхэн сантиметрийн цаана туярах түүний царай, эрвээхэй шиг дэрвэх сормуус, ягаахан уруулыг нь хараад би нэг хэсэг транс байдалд орж, нирван дүрд шилжиж шамбалын орны хаалгаар шагайх мэт боллоо. хэхэ. Ингээд нэг мэдсэн өөрийн хяналтгүйгээр хацар дээр нь тэсэлгүй үнсчихсэн байлаа...
Гэв гэнэт л -эээ! би юу хийчихвээ гэж учиргүй сандарлаа шүү. Дашрамд хэлэхэд анхны маань үнсэлт тэр байсан юм... Одоо ч маажуулсаан гэж аюун сандарч нөгөө охиноо хартал харин урдаас инээмсэглэж байх юм. Тэгээд хоюулаа гадагшаа гарахуу гэж хэлдэг юм байн. Би тэр үгийг сонсоод шоконд орсноо чин шудрагаар хүлээе.
Am I dreaming?? Somebody please punch me?!!
За ингээд хөтлөлцөөд гарлаа да. Олон хүний дунд үнсэж чадсан мөртлөө хоюулахнаа болонгуут хөл гар хөшиж бадайраад төмөр цутгачихсан юм шиг л болчихдог юм байн. Хүний сэтгэлзүй гэж хачин эд шү. Хүнийх юу байхав миний өөринх.
За тэгээд зоригоо чангалах гэж би гялс гүйж ороод бүтэн шил архи авч ирээд хоюулаа уув. Хоюулаа ч юу байхав би л уув. Ирээдүй хэтийн төлөвлөгөө болоод элдвийн л юм ярилцлаа. Сангийн аж ахуйд саалийн фермд үхэрчин, болохгүй бол тавуудны хар тосонд гялалзсан тараахторчин болох мөрөөдөлтэй зэргээн ярьж ажил амьдралын карьерээ эртнээс бодож төлөвлөсөн айхтар сүрхий хүн гэдгээ ухуулан сэнхрүүлж уярааж хайлуулав. хэхэ. Тэгээд... тэгээд яахав... тас үсэрчээ хөөрхий... нэг сэрсэн нар мандаад би арын уулын энгэрт гав ганцаараа хэвтэж байдаг юм байн !!!!! Гайхлаа, хэсэг мэлэрлээ ...
Годхийж босоод л буусан байр луугаа жирийлээ дэ. Тасарсаны дараа юу хийж, хэлж халаасан бол гэж бодохоос айж ичиж байна гэж жигтэйхэн. Яваад очтол нөгөө охин маань урдаас угтаад ирлээ. Инээж байхыг нь харвал бас ч гэж гордьлого байн гэж тайвшрав. Тэгээд асуулаа да - урд шөнө юу болов, би яагаад уулын энгэрт унтав гэж.
Тэгсэн ийм юм болжээ, улаан туучий гэж.
Нилээн ууж суутал нөгөө охин маань одоо чи уухаа болио чээ гэж л дэ. Тэгэнгүүт анх удаа архи гээчийг тийм ихээр зооглосон би гэж мэдрэл нөхөр баатарлаг ховор хүн болж харагдах гэж онгироод - Би ерөөсөө согтохгүй байн. Миний бие алкоголь индифферент, архинд авташгүй бакь - гэж хэлээд хэрвээ чи итгэхгүй бол одоо харж бай, би арын уулын орой руу гүйж гараад эргээд ирнэ, 5 минут хүлээ гээд хар хурдаараа гүйчихсэн байгаа юм. Тэгээд яахав замдаа тас үсрээд нам явахгүй юу. Нөгөө охин маань намайг алга болчихоор хэдий санаа зовсон боловч харанхуй шөнө болохоор ганцаараа хайгаад явж чадахгүй. Хүн дагуулаад явья гэхээр манайхан бүгд тасраад уначихсан учраас яаж ч болоогүй гэсэн.
Ингээд би алтан сайхан боломжоо архинаас болж алдсан бүтэлгүй хүн дэ... Хэрвээ би тэр шөнө тасраагүй бол, хэрвээ би архи уугаагүй бол... гэж бодохоос харамсмаар шүү ...
