Monday, January 5, 2009

10 жилийн дурсамж ((;


Зиа энэ удаад андын хүсэлт ёсоор диван галавын дэмий нэгэн явдлыг өгүүлсүгэй.

Нас хөгширч, намба гүзээ хоёрын масс хүндрэхийн хирээр хүүхэд залуу насаа санагалзаж, хуучныг дурсан санааширч, хүний нүд хариулж нулимсаа сэм арчих нь олширох юм да. Улаан барам гэж. ((((;

Зээк... Аравдугаар ангиа төгсөх дөхөөд арзайж, үрзийж явсан цаг юмсанж. Ангийхантайгаа нийлж асар шоудсан нэгэн өдөр юмсанжээ. Амьдралын их сургуулийн тотго нам, босго өндөр үүдээр тонгойн орж, биеэ дааж алхах (миний хувьд бол мөлхөх) триллер цаг ойртсоныг соргогоор мэдэрсэн бидний хэдэн нөхөд хариуцлагын хүндэд дарагдахаасаа урьтаж ханатлаа нэг сайн кайф авахаар цуглавай.

Хүүхэд насаа албан ёсоор үдэх гэж байгаа тул "хүүхдийн" паркаар баахан зугаалцгаав. Хэрэг болгож авчирсан дээс, резин тоглоцгоов. хэхэ. Багаасаа миний нугасгүй дуртай "черта", "дуки-даки" гэдгийг ч наадав... Бараг л худалч хүнд өөрсдийгөө өлгийдөж, угж хөхүүлээд балчир нас руугаа эргэж очих хурдавчилсан рэтро "аялал" хийж хүүхэд настайгаа одооны багацуулын ярьдагаар "чка" салах ёс гүйцэтгэлээ. Уярсан гэж яав.

Оройхон тийшээ тэгээд дараачийн хөтөлбөртөө шилжиж, томчуудын эгнээ рүү мөдхөн зиндаа дэвшиж байгаагийн учир бие сэтгэлзүйн бэлтгэл болгож "том хүний" ундаа болох нанчид архийг хүртэцгээвээ. Халамцаж зоригжсон чөргөр банди нар бид аль хэдийнээ аав болсон том эрийн буурь эсгэхийг оролдон янжуур тамхи гарган уушиглаж, өдрийн томоогүй жаахан "хүүхдүүдээс" үнэр ч байхгүй болдгийн байн. (; Балинч би болохоор тамхины үнэрээр тагларч бөглөрөөд, тархи толгой эргэж дүнхүүрдэг учраас цагаан архинаас л цангасан адуу шиг залгилж байлаа... гэж бүлтрээд яахав. Учиргүй залгилаагүй ч улаан хоолой чийглэсээн, үнэн. хэхэ. Харин охидууд маань хэн нэгнийхээ гэрээс `шукадаж` авчирсан шампан дарс тогтооцгоож ягаарч улаа бутраад улам л өнгө засаж, эмэгтэйлэг төрх нь тодроод ирлээ дэ.

Охидуудын думд мэдээж Балинчийн сэтгэлд ойр санагдсан бас нэг охин байлаа. Түрүүчийн Алкогол Стори 1-д дурдагдсанаас арай өөр охин шүү . хэхэ. Гэхдээ задарсан Казанова шиг этгээд байн гэж битгий туйлширч дүгнээрэй. Нэг ширээнд тохой нийлүүлж 3 жил суусан даруухан гоолиг бор охин байсым. Урд нь бол бидэн хоёрын хооронд тэр энэ бодлогыг тэгж ингэж бодсон уу гэж ярилцахаас өөр коммуникэшн байгаагүйг чин зүрхний угаасаа хэлье.
Харин тэр өдөр уусан дарсны ааг тархинд очихын хирээр логик удирдлага аажмаар суларч "цэвэр мэдрэмжийн" засаглал тугаа мандуулж эхлэхэд мөнөөх охинд арай илүү ханддагаа грамм граммаар ойлгож суулаа. Дассан сэтгэл гэдэг даалимбан даавуунаас огт өөр шүү дэ тиймээ хө? (-;

Зиа тэгээд парк доторх их зугаалга өндөрлөх тийшээ хандахад үргэлжлүүлээд цаашаагаа нэгнийдээ очиж үүр цайтал шөнөжин найрлах уриалга 1000% хувийн дэмжлэгтэйгээр санал нэг батлагдав. Гэтэл ширээний анд охин маань аав ээжээсээ зөвшөөрөл авахгүй бол аав нь болох "Атаман Тарас Бульба" ба ээж нь болох Ягаан Гажид хоёрын даралт нь зад буудаж, нерв нь нэгмөсөн тасрах тул даруйxaн утасдаж бачим учиртай болсоноо мэдүүлэх хэрэгтэй гэлээ. Ингээд гар утас дэлгэрээгүй балар эртний цаг байсан тул ойрхны нэг ТҮЦ билүү хамаатныд нь ч билүү очиж утсаар ярихаар явлаа. Үдшийн бүрий бууж харанхуй болж байсан тул Балинч би бие хамгаалагчийн хүндэт албанд бас томилогдож дагаад жирийлээ.

Зам зуураа бидэн хоёр 3 жил нэг ширээнд суухдаа ярьсанаас лав 3000 дахин илүү олон үг солилцож нэг нэгэндээ "нааштай" ханддагаа мэдэлцэж харилцан таатай сюрприз барив. Ингээд нэг л мэдэхэд халуухан гарнаас нь атгаад алхаж явлаа да. Амьдралаа гэж - мань мэтийн манжин толгойт, лууван хамартангуудаар даажин тоглоом хийх их дуртай Ажаа мама шүү.
Арван хэдхэн минутад багтааж зюркний нууцаа дэлгэх алтан боломж өгсөн мөртлөө агшин зуурын төдийд эргүүлээд салгачихаж бас чадсан юм. Юу болсон бэ гэвээс ийм юмаа...

Урд өдөр нь бороо ороод гудманд энд тэндгүй шалбааг тогтсон байлаа л да. Бидэн хоёр сэтгэл хөөрч догдлоод гүйх нисэхийн хооронд л явж байлаа. Ингээд нэгэн бяцхан шалбааг өмнө тулахад тойролгүй үсрээд гарав. Бага залуу байсныг хэлэх үү. Одооных шиг өөхөнд ороогдож, маханд боогдоогүй, хөнгөн шингэн хөдөлгөөн хурд өндөр байсныг ч хэлэх үү би ч сэпп гээл түүртэхгүй захад нь буулаа. Мөнөөх охин маань ч миний араас үсэрлээ. Амжилттай буулаа. Гэвч үсрэхдээ биеэ хэт чангалсаных уу агаар думд - Подд !- гээл дуу гаргадгийн байн. хэхэхэ. Өхөөрдмөөр гэж яаваа!

Хөөрхий минь унгас алдчихсан гэсэн үг л дэ. Ингээд л 3 жил хуралдаж, арван минутын өмнө арай гэж илэрсэн романтик уур амьсгалын эмзэгхэн бөмбөлөг -Подд! - гээд л хагарчихаж байгаа юм. Xарамсалтай нь...
Ичсэндээ час улайсан охин маань бараг надаас тэр чигээрээ зугтаад би ч бас тэсэхгүй инээж улам дургүйг нь хүргээд дашийн шог, балинчийн бандааж гэдэг үлгэр болоод төгсчихсөн...

Аяа ариухан даруухан халуухан гэнэхэн явсан арван долоон нас мину зэ...

2003 он ( шинэчилж бичсэн 2007-9-4)

2 comments:

Buya said...

элэгийн аваад хаячих юмаа.хэхэ
та тэгээд тэр хөөрхөн унгадаг охинтойгоо дараа тааралдсан биздээ хэхэ

Ганхуяг said...

Тэр өдрөөс хойш бид 2 рт уулзах боломж гараагүй дэ. Удалгүй тэр хятад руу сургуульд явсан гэж сонссон.